MONGOL

Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

CRI2023-07-28 10:10:09

Орос-Африкийн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 7 дугаар сарын 27-нд Санкт-Петербург хотноо эхэллээ. Ерөнхийлөгч Владимир Путин, Орос улс ойрын хугацаанд Африкийн зарим оронд үр тариа үнэ төлбөргүй өгнө гэж мэдэгджээ.

Хоёр хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад Африкийн арваад орны төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн, салбар форум, дугуй ширээний уулзалтад оролцсон төлөөлөгчид, нийтлэг сорилтын өмнө үзүүлэх Орос, Африкийн хариу үйлдэл, мөн үр тариа, эрчим хүч, сансрын технологи, мэдээллийн технологи, спорт, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх вэ зэрэг сэдвээр хэлэлцэх юм.

Өчигдөр болсон эдийн засаг, хүмүүнлэгийн форумын нэгдсэн хуралдаанд В.Путин хэлэхдээ, ирэх 3-4 сарын дотор Орос улс Буркина Фасо, Зимбабве, Мали, Сомали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эритрей зэрэг оронд 25,000-50,000 тонн үр тариа үнэ төлбөргүй өгч, тээврийн бүх зардлыг нь хариуцна гэжээ.

Африкийн холбооны ээлжит дарга болох Коморын ерөнхийлөгч Азали Ассумани “Украины хямрал үр тарианы хангамжид ноцтой нөлөөлсөн” гээд, холбогдох талууд Украин, Оросын үр тарианы бүтээгдэхүүнийг Африк руу тээвэрлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Орос-Африкийн анхны дээд хэмжээний уулзалт 2019 оны 10 дугаар сард Сочид болж, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг зэрэг салбар дахь Орос, Африкийн орнуудын хамтын ажиллагааг авч хэлэлцэж байсан юм.

Close
Messenger Pinterest LinkedIn